Мэргэн
2009-01-05
ӨӨРӨӨ ӨӨРИЙГӨӨ МЭДЭХ ЭРХ БА НИЙГМИЙН ДААТГАЛЫН ШИМТГЭЛ

Ангилал: Хэн нэгэнд хэрэг болж магад

          Хэрвээ нийгмийн даатгалын шимтгэл гэгчийг төлдөггүй байсан бол тэтгэврийн насныхан маань сардаа дор хаяж 500-600 мянган төгрөгний орлоготой байх боломжтой байсан гэдэгт та итгэх үү? Хэрвээ үгүй бол доорхийг нэг уншаад үзээрэй. Тэгээд саналаа хуваалцаарай: Баярлалаа

Өөрөө өөрийгөө мэдэх эрх ба
нийгмийн даатгалын шимтгэл

          Агуулга

               1. “Өөрөө өөрийгөө мэдэх” эрхийн тухайд
               2. Нийгмийн даатгалын шимтгэлийн тухай ерөнхийлөхөд
               3. НДШ бус өөрөө өөрийгөө мэдэх зарчим хэрэгждэг бол…
               4. Дүгнэлт

          “Өөрөө өөрийгөө мэдэх” эрхийн тухайд

          Хүнсний зах дээр очсон хүн тэнд талх, сүүнээс эхлээд Вольфганг Пакын Спаго пицца, Шинэ Зеландын шинэхэн кивис гээд зүсэн бүрийн хүнсний зүйлийг харах болно. Өнөөдөр наад захын хүнсний захад 30,000 орчим төрлийн хүнсний бараа байна. Арван жилийн өмнө энэ тоо 2 дахин бага байсан. Тэнд очсон худалдан авагч тэр олон барааг чанарын баталгаатай худалдан авдаг. Би энэ олон төрлийн барааны дунд байгаа мөртлөө “Энэ хачин дэлгүүрт чинь 340 граммаар савласан, кофены орцгүй жимсний ундаа байдаггүй юм уу” гэсэн зүйл хэлдэг болсон

          Ийм элбэг, гайхалтай байдал хэрхэн бий болсон бэ? Өдөр шөнийн аль цагт хүссэн зүйлийг тань тохиромжтой байдлаар савласан тэр бараанаас авч болох, гургалдайн мах, элдэв төрлийн ундаа хангалттай байдаг энэ элбэг дэлбэг байдал яаж бий болсон бэ? Ийм нарийн зүйлийг хэн төлөвлөж бий болгосон бэ?

          Үүний нууц, мэдээжээр хэн ч үүнийг төлөвлөөгүй, хэн ч төлөвлөж чадахгүй гэдэгт байгаа юм. Өнөөгийн хүнсний захууд бол ердийн нэг зүйл мөн. Энэ нь чөлөөт зах зээлийн адил нарийн ээдрээтэй боловч аяндаа үүссэн эмх журмын гайхалтай жишээ болдог зүйл.[1] Аяндаа үүсдэг эмх журам нь өөрөө өөрийгөө мэдэх эрхээс үүдэлтэй. Хүчирхийлэл дээр тулгуурласан хязгаарлалтууд байхгүй байвал хүмүүсийн хооронд сайн дурын эв зохицол бий болж, жам ёсоороо хөгжих боломж бүрдэнэ гэсэн агуулгатай “Laissez Faire” зарчмын тухай домог ч гарсан байна. Тодруулбал, XV Луи хэсэг худалдаачдаас “Би яаж та бүхэнд туслах вэ?” гэж асуухад тэд “Laissez-nous faire, Laissez-nous passer. Le monde va de lui-meme” буюу “Биднийг зөнд нь орхичих, бид юмаа хийе. Дэлхий өөрөө л эргэдэг юм” хэмээн хариулсан байдаг.

          Өөрөө өөрийгөө мэдэх эрхийн үндэс. Эртний Грект бүхнийг хүчирхийлэгч, заан зааварлагч төр засгийн эрхийг хязгаарлаж, хувь хүний эрх чөлөө улам бүр өсөн нэмэгдүүлэхийг зорьж байсан юм. Харин дундад зуун бол хөдлөшгүй үнэнийг хүсэгч сохор итгэл, үг дуугүй захирагдах явдал, оюун ухаанаас давсан бишрэл ноёрхсон мистицизмын (мухар харанхуй сүсэг бишрэл) эрин үе байсан бөгөөд дарангуйлагч, байлдан дагуулагчид зуу зуун жилийн турш хүн ер нь адилгүй төрдөг, зарим нь удирдах гэж нөгөө хэсэг нь удирдуулах тавилантай байдаг гэж сургасаар иржээ. Тухайн үед эрх чөлөө хэмээх ойлголт нь хаан хийгээд түүний алтан ургийнханд хамаатай болтлоо явцуурч байв. Үүний дараагаар сэргэн мандалтын эрин үед хүний оюун санаа чөлөөлөгдөж, сохроор дагаж мөрдөх явдлыг ухаалгаар эргэцүүлэх явдал ялж, ялангуяа оюун ухаан эргэн ирсэн юм. Эрх чөлөө нь оюун ухаан дээр суурилж байдаг тул энэхүү ялалт нь хувь хүнийг дээдлэх үзэл болон хэн бүхэнд хүртээлтэй эрх чөлөөний үзэл гарч ирэхэд хүргэсэн билээ. Ийнхүү эрх чөлөө нь нийт хүн төрөлхтөнд хамаатай юм байна гэсэн үзэл төлөвшихөд өрнийн сэтгэгчид чухал хувь нэмрээ оруулжээ. Тухайлбал, английн сэтгэгч Ж.Локк “Хүний эрх төр үүсэхээс өмнө байсан учир бид түүнийг байгалаас заяасан эрх гэдэг. Байгал бидэнд эрхийг өгчээ.. Хүн бүр төрөлхөөсөө амьд явах, эрх чөлөөтэй байх, өмчлөх эрхтэй байдаг. Хүн эдгээр эрхээ хамгаалахын тулд төрийг бий болгодог.. Хэрэв төр энэ үүргээ хэтрүүлбэл хүмүүс түүний эсрэг босох эрхтэй”[2] хэмээн номлож байв.

          Орчин үеийн ихэнх эрдэмтдийн үзэж буйгаар Ж.Локкын тодорхойлсон амьд явах, эрх чөлөөтэй байх, өмчлөх эрхүүд нь бүх эрхийн суурь бөгөөд энэ нь өөрөө өөрийгөө мэдэх эрхээс үндэслэдэг. Үүнийг тодруулъя.

          Хүнд оюун ухаан, бие махбодь нэгэнт заяагдмал байдгаас хойш амьдрах эрхтэй. Харамсалтай өнөө үед “амьдрах эрх” гэсэн нэр томъёог хоёр янзаар будилуулж байна. нэгдүгээрт, “амьдрах эрх”-ийг үр хөндөлтийн эсрэг төрөөгүй хүүхдийн эрхийг хамгаалах үедээ хэрэглэдэг. Хоёрдугаарт, “амьдрах эрх” гэдгийг амьдралын наад захын шаардлагатай бүх зүйлээр хангагдах гэж ойлгодог. Гэтэл үнэндээ амьдрах эрх гэдэг бол хүн бүр өөрийгөө мэдэж, өөрийн амьдрал, хөгжил дэвшилдээ шийдвэр гаргах, оролцох эрхтэй байхаар тодорхойлогддог. Жон Стюарт Миль “Эрх чөлөө гэдэг бол жинхэнэ утгаараа бид өөрсдийн үйл хэргээ өөрсдийн хүслээр гүйцэтгэхдээ бусдын үйл хэргийг үгүйсгэхгүй, түүнд нь саад тотгор учруулахгүй байх явдал мөн.”[3] гэсэн байдаг. Өөрөөр хэлбэл энэ нь бусдын эрхийг хөндөхгүй л бол хүссэн зүйлээ хийж эрх чөлөөтэй байх эрх нь мөн л хүний өөрөө өөрийгөө мэдэх эрхэд нь үндэслэнэ гэсэн үг юм. Үүнийг Францын Хүний ба Иргэний эрхийн тунхагийн 4 дүгээр зүйлд баталгаажуулсан бөгөөд “Бусадтай зөрчилдөхгүйгээр хүссэн бүхнээ хийх боломжийг эрх чөлөө гэнэ. Хүн бүрийн эрхийн хязгаар нь нийгмийн бусад гишүүдэд эрхээ эдлэх боломжийг баталгаажуулахад оршино. Энэ зааг, хязгаарлалтыг гагцхүү хуулиар тодорхойлно.” гэжээ. Либертари үзэлтнүүд хүний бүх эрх гэдэг бол хүн өөрөө өөрийгөө мэдэх, өөрсдийн бие махбодийг эзэмших гол эрхээс үндэслэн гарч ирж буй өмчлөх эрх мөн гэж үздэг. Маррэй Ротбард Эрх мэдэл ба зах зээл номондоо, “Хувь хүн бүр өөрийнхөө эзэн, өөрийгөө мэддэг гэсэн жам ёсны баримт байна. Хүний өмчлөх эрх гэдэг бол өөрийнх нь оршихуйд байдаг, энэ л өмчлөх эрхээс түүний бүтээсэн материал баялгаа өмчлөх эрх урган гардаг”[4] гэсэн байдаг.

          Ийнхүү хүн өөрөө өөрийгөө мэдэж байгаа үед өөрөө ч мэдэлгүй бусадтай хамтран ажиллаж, улмаар улс орны хөгжилд ч томоохон түлхэц үзүүлдэг бөгөөд хамгийн гол нь хүний эрх баталгаатай хангагддаг.[5]

          Нийгмийн даатгалын шимтгэлийн тухай ерөнхийлөхөд

          Түүхийн хувьд төрийн жинхэнэ уг үндэс байлдан дагуулалт хийгээд эдийн засгийн мөлжлөгт байдаг. Социологич Франц Оппэнхэймэр хүний хэрэгцээг хангах 2 үндсэн зам байдгийг заасан. “Эдгээр нь ажил хөдөлмөр, луйвар хоёр юм. Эхнийх нь өөрөө хөдөлмөрлөх, нөгөө нь бусдын хөдөлмөрийг хүчээр эзэмших явдал юм”. Тэрээр ажил хөдөлмөр, чөлөөт харилцан солилцоог баялаг эзэмших “эдийн засгийн арга хэрэгсэл”, бусдын хийсэн хөдөлмөрийг завших, явдлыг “улс төрийн арга хэрэгсэл” гэж тодорхойлсон.

          Нийгмийн даатгалын шимтгэл гэдэг бол Оппэнхэймэрийн хэлсэнчлэн бусдын хөдөлмөрийг завшиж буй “улс төрийн арга хэрэгсэл” юм. Одоо мөрдөгдөж буй нийгмийн даатгалын хуулиар бол иргэд цалин болон түүнтэй адилтгах орлогын 10%-ийг нийгмийн даатгалын шимтгэлд төлдөг. Харин байгууллага ажиллагсдыг илүү харж үзэх ёстой бөгөөд тухайн иргэний төлсөн шимтгэл дээр нэмж 19 хувийг төлөх учиртай ажээ. Эдгээр нь нийлээд 29% хувь болж байгаа нь бидний орлогын бараг гуравны нэг болж байгаа юм. НДШ 29% байгаа нь орлогын албан татвараас ч, элдэв бусад татвараас ч өндөр байна. Энэ нь даатгал нэртэй боловч ажил эрхэлж буй иргэдээсээ, хөдөлмөрийн чадвартай хүн амаасаа дайчлан авч буй татвар болсон байна. Бид орлогынхоо гурав хуваасны нэгтэй тэнцэх ийм их хэмжээний мөнгийг НДШ-д төлөөд юуг хүсэн хүлээж байгаа билээ. Хэрэв бид өөрөө өөрийгөө мэдэж НДШ-д төлдөг мөнгөө өөрсдөө хуримтлуулдаг болбол бидэнд ашигтай юу?

          НДШ бус өөрөө өөрийгөө мэдэх зарчим хэрэгждэг бол…[6]

          НДШ бол бидний ирээдүйн баталгаа биш юм. Тэгвэл тэр асар их мөнгө хаашаа ордог вэ? НДШ-ийн орлого жилд хичнээн төгрөг болдог, хичнээн хүн төлдөг, хэрхэн зарцуулдаг, ажиллагсад дунджаар хэдэн жил ажилладаг НДШ төлдөг, өндөр настнууд дунджаар хэдэн жил тэтгэвэр авдаг вэ? гэх мэтчилэн олон асуулт урган гарна.

          Доорх хүснэгтэнд өнөөгийн төрийн үйлчилгээний ажилчдын цалингийн сүлжээний доод жишиг байна.

TY-1 TY-2 TY-3 TY-4 TY-5 TY-6 TY-7
64956 65605 67229 69178 70477 76323 82007
TY-8 TY-9 TY-10 TY-11 TY-12 TY-13 TY-14
87853 93536 100844 107989 118220 129749 141279

          Энэ нь зөвхөн доод жишиг бөгөөд энэ нь ажилласан жил болон ур чадвар, зэрэг цол, дадлага туршлагаас хамааран нэмэгдэнэ. Энэ мөнгө хэрхэн өсөн нэмэгддэг болохыг, бид НДШ-д хэр их мөнгө төлдөг болохыг ойлгохын тулд дараах тооцоог хийж үзье.

          Нийгмийн даатгалын хуулиар 20 жил хөдөлмөрлөж НДШ төлсөн эмэгтэй эрэгтэй хэн ч атугай өндөр насны тэтгэвэр хүртэх эрхтэй ажээ. Yүнээс цөөн жил ажилласан иргэд хувь тэнцүүлсэн тэтгэвэр авдаг. Иймээс бүрэн тэтгэвэр авагчид маань дор хаяж 20-25 жил ажилладаг гэж ойлгож болно..

          Хэрэв хүн 24 настайдаа сургууль төгсөж ажил эрхэлж эхэлдэг гэвэл эрэгтэй хүн 60 хүртлээ 36 жил ажилладаг, эмэгтэй хүн 55 хүртлээ 31 жил ажилладаг ажээ. Яахав бүгд ингэж 31-36 жил ажилладаггүй байх л даа. Гэхдээ үүнээс ч эрт хөдөлмөрийн гараагаа эхэлсэн, 40 жил 50 жил ажилласан иргэд ч бий. Хөдөлмөрийн насны хүн амыг 15-65 насны хүн ам гэж үзвэл дээд тал нь 50 жил ажиллах ч боломжтой юм. Гэхдээ иргэд бодитойгоор дээд тал нь 31-36 жил ажиллаж НДШ төлөх боломжтой гэж үзэж болно.

          1-р бодомж. Нийт төлөх мөнгө. Хүснэгтээс харахад 20 жил төрийн үйлчилгээний сүлжээгээр цалинжсан иргэд дунджаар 6 сая 340 мянга орчим төгрөгийг НДШ-д төлдөг ажээ.

          Хүснэгт.1. Хувь хүн ба байгууллага нийтдээ 29%-ийн НДШ төлдөг.

Ажилласан жил Сүлжээ Цалингийн доод жишиг Сард хэдийг төлдөг нийт хэдийг төлдөг 0.5% 1% 1.5%
20 жил ТY-1 64956 18837 4520880 8765930.3 18840026 44163668
  ТY-14 141279 40971 9832800 19065858 40976970.4 96055773
  Дундаж 91089 26416 6339840 12292616.6 26419696.7 61931479
25 жил ТY-1 64956 18837 5651100 28575527.1 35765045 109713965
  ТY-14 141279 40971 1229100 13138201 77788807.5 238627367
  Дундаж 91089 26416 7924800 18423928.2 50153944.5 153853801
31 жил ТY-1 64956 18837 7007453 44461669.6 75187045 322904443
  ТY-14 141279 40971 15241179 20442190 163531475 702315673
  Дундаж 91089 26416 9826752 28666439.1 105436101 452814517
36 жил ТY-1 64956 18837 8137688 28887726 138130487 790738940
  ТY-14 141279 40971 17699433 62830671.5 300433172 1719853542
  Дундаж 91089 26416 11411712 40509761.1 193702785 1108866968

          36 жил төрийн албанд зүтгэгчдийн хувьд дунджаар 11 сая 412 мянга орчим төгрөгийг хураалгадаг байна. Өнөөдрийн төгрөгийн ханш тогтвортой гэж үзээд, өнөөгийн төгрөгийн нэрлэсэн үнээр бодож үзэхэд энэ хуримтлагдсан мөнгөний 1% орчмоор л тэтгэврийн хэмжээг тогтоодог болох нь харагдаж байна. Хуримтлагдсан мөнгөний нэг хувьтай тэнцэх мөнгийг бодож үзвэл тэтгэврийн доод хэмжээ хамгийн багадаа 45200, дунджаар 63400 байх, дээд хэмжээ нь хамгийн ихдээ 177000, дунджаар 114120 байх юм. Гэхдээ дээрх тооцоонд зөвхөн үндсэн цалинг оруулсан бөгөөд нэмэгдэл орлогуудыг огт тооцоогүй юм. Тэдгээрийг тооцвол дээрх тоо нь 2 дахин ч нэмэгдэх бололцоотой юм. Мөн төрийн үйлчилгээний албан тушаалтны цалингийн сүлжээ нь хамгийн бага үнэлгээтэй бөгөөд энд зөвхөн доод жишгийг л ашиглан тооцоог хийсэн гэдгийг санавал өнөөдрийн тэтгэвэр авагчдын тэтгэвэр бол төрөөс тэдэнд зүгээр өгч байгаа зүйл огтхон ч бус. Харин ч хуримтлуулсан мөнгөнийх нь сарын хүүтэй тэнцэх буюу түүнээс ч бага хэмжээтэй мөнгийг л сар бүр өгч байгаа ажээ.

          2-р бодомж. Хугацаатай хүүтэй хадгаламж. Өнөөдөр ХАС банкны хугацаатай хадгаламжийн хүү 1.5% бөгөөд хэрэв хувь хүн өөрийнхөө НДШ-д төлсөн мөнгөний нэрийн дансыг энэ банкинд байршуулбал хэд болж өсөх боломжтой вэ?

          ХАС банкны сарын 1.5 хувийн хүүтэй, хүүгээс хүү боддог хадгаламжид энэхүү 29%-ийн НДШ-ийн мөнгийг байршуулбал 36 жил ажилласан хүний мөнгө TY-1 сүлжээгээр 790 сая 739 мянга, TY-14 сүлжээгээр цалинждаг хүний хувьд 1 тэрбум 719 сая 853 мянган төгрөг болж өсөх тооцоо гарч байна. Харин эмэгтэй хүн 31 жил ажилладаг гэвэл 322 сая 904 мянгаас, 702 сая 315 мянга болж өсөх ажээ. Мэдээж хүн анх ажилд орохоосоо авахуулаад тү-14 -өөр цалинжахгүй, насаараа тү-1 зэрэглэлд ажиллахгүй нь ойлгомжтой. Дунджаар 36 жил ажилласан хүний мөнгө 1 тэрбум 108 сая 867 мянга, 31 жил ажилласан хүний мөнгө дунджаар 452 сая 815 мянга болж өсөх ажээ. Хуримтлагдсан мөнгөний нэг хувийн хүүтэй тэнцэх хэмжээний мөнгийг л сар бүр тэдний тэтгэвэрт өгдөг гэвэл доод тал нь 7 сая 908 мянган төгрөг, дээд тал нь 17 сая 200 мянган төгрөгийг сар бүр тэдний тэтгэвэрт төлөх учиртай болно. Энэ бол асар их мөнгө бөгөөд өнөөгийн тэтгэврийн хэмжээ нь түүнээс 100 дахин бага байгаа юм. Иргэд НДШ-д төлсөн мөнгөнөөсөө огтхон ч хүртэж чаддаггүй, харин түүний хүү нь болох багахан хэмжээний мөнгөний бодит боломжийн ердөө л зууны нэг хэсгийг хүртдэг байх юм.

          Хадгаламжийн хүүг их л даруухнаар сарын 1% гэж үзвэл ТY-1 ээр цалинжиж байгаа хүний хувьд 36 жилийн дараа 47 сая 631 мянган төгрөг, ТY-14 сүлжээгээр цалинждаг хүний хувьд 103 сая 977 мянган төгрөг болж өснө. Нэг хувьтай тэнцэх хэмжээний мөнгийг тэтгэвэрт өгөх аргачлалын дагуу доод тал нь 476300 төгрөг, дээд тал нь 1 сая 31 мянган төгрөг авлаа гэхэд үндсэн хуримтлалдаа хэзээ ч хүрэхгүйгээр зөвхөн хүүгээр нь л амьдраад байх ажээ.

          НД-ын хуулинд иргэд, нийгмийн даатгалын шимтгэл төлөгчдийн мөнгийг тэдний нэрийн дансанд байршуулж, сард 0.5% -ийн хүүтэйгээр өсгөж байх учиртай ажээ. Энэ хуулийн дагуу бодсон нэрийн дансан дахь хуримтлалыг авч үзвэл тү-1 сүлжээгээр цалинжигчийн нэрийн дансны үлдэгдэл 28887726 төгрөг, үүний 1% нь 288900 төгрөг, тү-14 -өөр цалинжигчийн нэрийн дансны үлдэгдэл 62830671.5 төгрөг, үүний 1% нь 628306 төгрөг болох ажээ. Ингээд бодсон ч гэсэн өнөөгийн нөхцөлд тэтгэврийнхэн НДШ-д хураалгасан мөнгөнийхөө сарын хүүгийн дөрөвний нэгтэй тэнцэх хэмжээний мөнгийг л сар бүр хүртдэг байна. Yндсэн хуримтлал маань тэр чигтээ өөр зүйлд зарцуулагддаг болох нь ойлгомжтой байна.

          Дүгнэлт

          Төр чөлөөт нийгэмд чухал үүрэгтэй. Энэ нь бидний эрхийг хамгаалж, хүмүүс өөрсдийнхөөрөө амьдарч, ухаалаг санаа бодлоо хэрэгжүүлж, аллага, доромжлол үйлдэх, хулгай, гадны халдлагаас хамгаалсан нийгмийг бүтээх ёстой байдаг. Төр энэхүү энгийн хязгаарлагдмал үйлдлээ яг таг биелүүлдэг байхад л хангалттай.[7] Энэ нь бусад үед хүн өөрөө өөрийнхөө амьдралыг өөрөө мэдэж, амьдралынхаа чухал үед өөрөө шийдвэр гаргах эрхтэй гэсэн үг. Тэрхүү “бусад үе” гэдэгт өөрийнхөө ирээдүйн амьдралыг төрд даатгаж НДШ төлөх бус мөнгөө өөрөө хуримтлуулж хүссэн үедээ зарцуулахыг хамааруулан ойлгож болно. Ингэж гэмээнэ германы эрдэмтэн Эрнист Бендагийн хэлсэнчлэн хувь хүний амьдрал дээшилж, түүнийгээ дагаад улс орон хөгжиж, хамгийн гол нь хүний эрх баталгаажих болно.


[1] Боаз Д. Либертарианизм. (Орч. Б.Батчулуун). УБ., 2005. 189 дэх тал.
[2] Боаз Д. Либертарианизм. (Орч. Б.Батчулуун). УБ., 2005. 57 дах тал.
[3] Mill J. On Liberty. P. 135. Дам ишлэв. Вольф Ж. Улс төрийн философийн удиртгал. (Орч. Б.Батчулуун). УБ., 2002.
[4] Дэвид Боаз. Либертарианизм. УБ., 2005. 97 дэх тал.
[5] Ernist Benda. Human dignity
[6] Болд Ц. Fole.mn
[7] Дэвид Боаз. Либертарианизм. УБ., 2005. 235 дэх тал.


Comments

2010-12-26 -

Бичсэн: Мэргэн (зочин)

Улс орнуудад янз бүрийн зохицуулалтууд байдаг л байх. Гэхдээ банкны тийм үйлчилгээ гэж би л хувьдаа сонсоогүй бас судлаагүй. Хугацаатай хадгаламж угаасаа хугацаа нь болоогүй байхад мөнгөө авбал ямар ч хүү бодогдохгүй л дээ. Тэгэхээр хугацаатай хадгаламжийг хугацаанаас нь авах сонирхолтой хүн бараг байдаггүй. Гэхдээ ер нь хүн өөрөө л тэгээд зохицуулна шүү дээ. Би өөрөө өөрийгөө аваад явчихна, хариуцлагаа хүлээчихнэ гээд байхад л үгүй чи чадахгүй би өмнөөс чинь хийгээд өгье гээд байгаа нь утгагүй л байгаа байхгүй юу.

. Шууд холбоос


2010-12-26 -

Бичсэн: dadido

тэгэхээр хувиараа хөдөлмөр эрхлэдэг хүн банкинд хугацаатай хадгалуулаад байсан нь дээр ч юм шиг. Гол наана нь аваад үрчихгүй байх хэрэгтэй. Эсхүл банкуудаас ч юм уу компаниудаас тэтгэврийн даатгал гарч ирэхийг хүлээх үү. Ер нь тийм зүйл байх боломжтой болов уу

. Шууд холбоос


2010-09-17 -

Бичсэн: Зочин




миа уйлах инээх чөтгөр rolling on the floor

. Шууд холбоос



Бичлэг: 22 » Нийт: 41
Өмнөх | Дараагийн


Me, myself & I

Холбоосууд

. Нүүр хуудас
. Архив
. Танилцуулга
. Хуулийн сан
. Жиргээ
. Инстаграм
. Спортын цонх форум
. НБА
. Манчестер Юнайтед
. Фантази НБА
. Баабар

Сүүлийн бичлэгүүд

. ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦЭД МЭДЭЭЛЭЛ ГАРГАХ ТУХАЙ
. АВЛИГА БА ЭКС ЕРӨНХИЙЛӨГЧИД
. АЛДСАН УТСАА ОЛОХ НЬ
. БААРАГГҮЙ БАЯЖААРАЙ, ТОДОРХОЙ ТОМРООРОЙ
. БИ АНГЛИ, ОРОС, ПАШТУ, ФАРСИ, БАНГЛА, МАЯА, ФОН ХЭЛТЭЙ
. БОЛОВСРУУЛААГҮЙ БОДЛЫН ЦУГЛУУЛГА
. МАШИНД МӨРГҮҮЛВЭЛ ДОХ ТУСНА ШҮҮ
. МОНГОЛ ХҮН МОНГОЛ ҮГЭЭ МЭДДЭГГҮЙ БОЛЖ ДЭЭ
. СОНГОЛТ ТАНЬ МЭРГЭН БАЙГ
. ТЭР ХҮСЭЭГҮЙ
. ҮГНИЙ ЦААНА ҮГ БИЙ
. ХАЙРЫН ТӨӨРӨГ
. ХҮЛЦЭНГҮЙ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРСӨӨР БАЙХ УУ?!
. ШАРТАЛТ
. ЭРҮҮГИЙН ЖИШЭЭ БОДЛОГЫН ҮРГЭЛЖЛЭЛ
. ЭРҮҮГИЙН ЭРХ ЗҮЙН БОДЛОГО БОДОХ АРГАЧЛАЛ, ЖИШЭЭ БОДЛОГО
. ХУУЛЬ ЗҮЙН ШИНЖЛЭХ УХААНЫ СУДАЛГААНЫ ҮНДСЭН АРГА ЗҮЙ
. ХӨДӨЛМӨРИЙН ГЭРЭЭ
. МАКЕДОНИЙН ШҮҮГЧИЙН ЁС ЗҮЙН ДҮРЭМ
. БИ ЧАМД ХАЙРТАЙ

Найзууд

Блогт байрлуулсан бичлэгүүдээс бүтнээр болон хэсэгчлэн хуулах гэж байгаа бол ишлэл авна уу!

© Мэргэн




:-)
 
xaax