Мэргэн
2009-01-05
ХУВЬ ХҮНИЙ ОРЛОГЫН АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ

Ангилал: Хэн нэгэнд хэрэг болж магад

          Өмнө нь нийгмийн даатгалын шимтгэлийн тухай бичсэн бол энэ удаад татвар, тэр дундаа хувь хүний орлогын албан татвар байх ёстой эсэх, тэр нь ач холбогдолтой юу гэдэг талаар бичлээ. Гаргалгаа болоод дүгнэлт энэ тэр нь адил байж болох юм, ойролцоо сэдэв гол нь хоёуланд нь таагүй ханддаг нэг хүний сэтгэлгээ учраас тэр.

ХУВЬ ХҮНИЙ ОРЛОГЫН АЛБАН ТАТВАРЫН 
ХУУЛИЙН ЗОРИЛГО, АЧ ХОЛБОГДОЛ
 
          Агуулга
               1. Оршил буюу татварын тухай
               2. Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн зорилго
               3. ХХОАТТХуулийн ач холбогдол
               4. Дүгнэлт

          Оршил буюу татварын тухай

          Төрөөс өөрийн зорилт, чиг үүргийг хэрэгжүүлэх санхүүгийн нэг үндсэн эх үүсвэр нь татвар юм. Татвар бол иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын хөрөнгийн тодорхой хэсгийг төр өөрийн шийдвэрээр шууд албадан авах хэлбэр мөн. Татвар ноогдуулан хураах явцад нэг талаас төрийн, нөгөө талаас татвар төлөгчдийн эрх, ашиг сонирхол сөргөлдөн гарч ирнэ. Энэ зөрчлийг хууль тогтоомжоор зохицуулна. Төрийн татварын бодлого уян хатан байвал тухайн үеийн Засгийн газар оршин байх найдвар, боломж илүү байна. Төрийн татварын уян хатан байх нөхцлийг эрх зүйн зохицуулалтаар шийдвэрлэнэ.

          Татвар хэдийгээр нийгмийн харилцаанд оролцогчдын орлогыг дахин хуваарилах арга, хэрэгсэл болж анх төртэй цуг үүссэн ч онолын цэгцтэй шинжлэх ухаан болон төлөвших үйл явц Европт XVIII зууны дунд үеэс төлөвшин тогтсон гэж үздэг байна.[1]

          Татварын ерөнхий онолыг үндэслэгчдийн нэг нь А.Смит “Ард түмний баялаг” (1770 он) номондоо татварын тухай ойлголт, эдийн засгийн амьдралд түүний эзлэх байр суурь, татвар ноогдуулан хураах зарчмыг тодорхойлсон байна. А.Смит татвар ноогдуулах зарчим, татварын ангилалт, тогтоох асуудлыг дараах дөрвөн үндсэн шинжээр тодорхойлжээ. Үүнд:

          1. адил тэгш байх буюу хүн (албат) бүр хүч, бололцоогоороо өөрөөр хэлбэл орлогынхоо боломжоор Засгийн газрыг санхүүжүүлэхэд заавал оролцох ёстой;
          2. маш тодорхой байх буюу татварыг дур зоргоороо бус харин маш тодорхой байдлаар тухайлбал, татвар төлөх хугацаа, арга хэмжээг маш нарийвчлан тогтоох ёстой;
          3. татвар ноогдуулж хураах хугацаа, арга нь татвар төлөгчид таатай нөхцөл бүрдүүлэх ёстой;
          4. аль болох хямд (төсөр) байх учиртай[2]

          Харин Ж.С.Милль татварыг татвар төлөгчийн хөрөнгөд бус орлогод нь ноогдуулах ёстой гэсэн онолыг дэвшүүлж А.Смитийн үзэл баримтлалыг баяжуулжээ.

          Татварын онолын үндсэн зарчим, үндэслэлийг бусад улсын Үндсэн хууль, бусад хууль тогтоомжоор зохицуулсан байна. Жишээ нь, Лихтенштейний Үндсэн хуулийн 24 дүгээр зүйлд төр аль болох томоохон эд хөрөнгөтэй буюу орлоготойд нь илүү өндөр татвар ноогдуулж, аль болох бага хөрөнгө, орлоготойг нь хөнгөлөх замаар татварыг шударгаар ноогдуулж байхаар заасан байна.

          Манай Үндсэн хуулийн 25.1.7 дахь хэсэгт зөвхөн хууль тогтоох, төрийн эрх барих дээд байгууллагын хувьд Улсын Их Хурал албан татварын бодлогыг тодорхойлох бүрэн эрхтэй гэж заасан. Үндсэн хуулийн энэ заалтыг үндэслэн Улсын Их Хурлаас баталсан Татварын ерөнхий хуулиар татвар ноогдуулах, хураах, татварын хувь хэмжээ[3] тогтоохдоо баримтлах зарчмыг[4] дараах байдлаар тогтоосон байна. Үүнд:

          1. хууль тогтоомжийн дагуу иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын орлого, эд хөрөнгө, бараа, ажил, үйлчилгээнд тодорхой хугацаанд тогтоосон хувь хэмжээгээр ноогдуулна;
          2. татварыг хариу төлбөргүйгээр ноогдуулан улс, орон нутгийн төсөвт хураан авна;
          3. татварыг Улсын Их Хурал хуулиар бий болгож, өөрчилж, хүчингүй болгоно;
          4. улсын татварын алба нь зохион байгуулалт, үйл ажиллагаандаа хууль дээдлэх, бусдын нөлөөнд үл автах, татвар төлөгчийн хууль ёсны эрх ашгийг хүндэтгэнэ;
          5. татвар ноогдуулж буй тодорхой нэг хугацаанд татварыг зөвхөн нэг л удаа ноогдуулж хураана;
          6. татвар ноогдуулах объект, субъект, хугацаа, хэмжээ зэргийг хуулиар нэгбүрчлэн тодорхой тогтооно;
          7. монгол Улсын олон улсын гэрээнд Монгол Улсын татварын хууль тогтоомжоос өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

          Татварын мөн чанар, түүний эдийн засаг нийгмийн (социаль) агуулга нь түүний чиг үүргээр тодорхойлогдоно. Татварын чиг үүрэг нь өөрсдийн зорилго, ач холбогдол, агуулгаараа өөр хоорондоо нийтлэг болон онцлог бүхий төрлүүдтэй байх бөгөөд энэ талаар эрдэмтэн зохиогчид янз бүрээр ангилж санал дэвшүүлж байна. Тухайлбал, нэг хэсэг нь хуваарилалтын ба хяналт шалгалтын[5] нөгөө хэсэг нь сан бүрдүүлэх болон зохицуулалтын[6], гуравдахь нь сан бүрдүүлэх, хуваарилалтын, инфляцийн[7], хяналтын чиг үүрэгтэй байна гэж бичсэн нь бий.

          Сан бүрдүүлэх чиг үүргийн үндсэн агуулга нь төрийн зорилт үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийн эх үүсвэр, нөөц бүрдүүлэх явдлаар тодорхойлогдоно.

          Монгол улсын татварын тогтолцооны үндсэн зарчим бол түүний нэгдмэл байх зарчим юм. Энэ нь манай улсын төрийн байгууламж, түүний засаг захиргааны нэгжүүдийн нэгдмэл байдлаас үүдэлтэй юм. Түүнчлэн улсынхаа эдийн засгийн тогтвортой хөгжил, төрийн санхүү, татварын бодлого , татвар төлөгчдийн сөргөөр нөлөөлөхгүйгээр, татвар төлөгчдийн орлого, хөрөнгөөс гаргуулан авсан санхүүгийн нэгдмэл баазтай байх нь татварын тогтолцооны нэг үндсэн зарчим юм.

          Олон төрлийн татвар нэгдмэл тогтолцоонд хамаарагдах үйл явц нь тэдгээрийг тодорхой бүлэгт ангилах боломжийг үүсгэдэг байна.

          Манай улсын төрийн байгууламжийн хэлбэр, түүний засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хуваарийг харгалзан улсын, орон нутгийн гэж хоёр ангилна. Улсын татварт аж ахуйн нэгжийн орлогын, гаалийн, нэмэгдсэн өртгийн, онцгой, автобензин, дизелийн түлшний, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр тус тус хамаардаг бол орон нутгийн татварт бууны, нийслэл хотын[8], нохойны, өв залгамжлал, бэлэглэлийн, үл хөдлөх хөрөнгийн, улсын тэмдэгтийн хураамж, ус, рашаан ашигласны, авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн, ашигт малтмалаас бусад байгалийн баялаг ашиглахад олгох зөвшөөрлийн хураамж, байгалийн ургамал ашигласны төлбөр, түгээмэл тархацтай ашигт малтмал ашигласны төлбөр, агнуурын нөөц ашигласны төлбөр, ан амьтан агнах, барих зөвшөөрлийн хураамж, газрын төлбөр, ойгоос хэрэглээний мод, түлээ бэлтгэж ашигласны төлбөр мөн хүн амын орлогын албан татвар хамаарна.

          Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн зорилго

          Хүн амын орлогын албан татварын тухай хуулийг Хувь хүний орлогын албан татварын тухай хууль нэртэйгээр 2002 оны 6 сарын 16-ны өдөр шинэчлэн найруулсан бөгөөд хуулийн зорилтыг тус хуулийн 1 дүгээр зүйлийн §1.1.т: “Энэ хуулийн зорилт нь хувь хүний орлогод албан татвар ногдуулах, уг албан татварыг төсөвт төлөхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино”[9] хэмээн тодорхойлсон байдаг. Төрөөс өөрийн зорилт, чиг үүргийг хэрэгжүүлэх санхүүгийн нэг үндсэн эх үүсвэр нь татвар бөгөөд дэлхий дахинд ХХ зууны 30-аад оны хоёрдугаар хагасаас хойш татварыг улс орны эдийн засгийг зохицуулах, эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангахад чухал ач холбогдолтой хэмээн үзэх болсон. Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн зорилго нь дээр дурдсан төрийн зорилт, чиг үүргийг хэрэгжүүлэхэд шаардлагатай санхүүгийн эх үүсвэрийг бүрдүүлэхэд оршино. Төрийн зорилт, чиг үүргийн салшгүй хэсэг нь нийгмийн халамж, үйлчилгээ байдаг. Дээрх бүгдээс харахад хувь хүний орлогын албан татварын хууль нь хэн нэгний өөрийн хүч хөдөлмөрөөр олсон орлогыг шууд албадан хураан авч бусдад хүртээх зорилготой юм.

          ХХОАТТХуулийн ач холбогдол

          Хэрэв тус хуулийн дээр дурдсан зорилгыг зүй ёсных гэж үзвэл тэрхүү зорилгыг хэрэгжүүлэх эрх зүйн үндэслэл болдог гэдгээрээ Хувь хүний орлогын албан татварын тухай хууль нь ач холбогдолтой юм. Гэвч миний хувьд татвар хураах нь өөрөө шударга бус, хэрэгцээгүй, луйврын шинжтэй учир, “хуулийн ач холбогдол”-ын тухай ярих нь утгагүй юм. Үүнийгээ тайлбарлая.

          Түүхийн хувьд төрийн жинхэнэ уг үндэс байлдан дагуулалт хийгээд эдийн засгийн мөлжлөгт байдаг. Социологич Франц Оппэнхэймэр хүний хэрэгцээг хангах 2 үндсэн зам байдгийг заасан. “Эдгээр нь ажил хөдөлмөр, луйвар хоёр юм. Эхнийх нь өөрөө хөдөлмөрлөх, нөгөө нь бусдын хөдөлмөрийг хүчээр эзэмших явдал юм”.[10] Тэрээр ажил хөдөлмөр, чөлөөт харилцан солилцоог баялаг эзэмших “эдийн засгийн арга хэрэгсэл”, бусдын хийсэн хөдөлмөрийг завших явдлыг “улс төрийн арга хэрэгсэл” гэж тодорхойлсон. Хувь хүний орлогын албан татвар бол бол Оппэнхэймэрийн хэлсэнчлэн бусдын хөдөлмөрийг завшиж буй “улс төрийн арга хэрэгсэл” юм. Тийнхүү бусдын хөдөлмөрийг завшигчид түүнийгээ “улс орны эдийн засгийг тогтвортой хөгжүүлэхийн тулд…” хэмээн тайлбарладаг. Үнэн хэрэгтээ улс орны эдийн засаг бусдын өмчийн хэсгийг албадан хурааж хэн нэгэнд тарааснаар бус харин ч хувь хүн бүрийн өөрийнх нь хүчинд дулдуйдсанаар хөгждөг. Үүнийг дараах байдлаар тайлбарлаж болох юм.

          Хүнсний зах дээр очсон хүн тэнд талх, сүүнээс эхлээд Вольфганг Пакын Спаго пицца, Шинэ Зеландын шинэхэн кивис гээд зүсэн бүрийн хүнсний зүйлийг харах болно. Өнөөдөр наад захын хүнсний захад 30,000 орчим төрлийн хүнсний бараа байна. Арван жилийн өмнө энэ тоо 2 дахин бага байсан. Тэнд очсон худалдан авагч тэр олон барааг чанарын баталгаатай худалдан авдаг. Би энэ олон төрлийн барааны дунд байгаа мөртлөө “Энэ хачин дэлгүүрт чинь 340 граммаар савласан, кофены орцгүй жимсний ундаа байдаггүй юм уу” гэсэн зүйл хэлдэг болсон

          Ийм элбэг, гайхалтай байдал хэрхэн бий болсон бэ? Өдөр шөнийн аль цагт хүссэн зүйлийг тань тохиромжтой байдлаар савласан тэр бараанаас авч болох, гургалдайн мах, элдэв төрлийн ундаа хангалттай байдаг энэ элбэг дэлбэг байдал яаж бий болсон бэ? Ийм нарийн зүйлийг хэн төлөвлөж бий болгосон бэ?

          Үүний нууц, мэдээжээр хэн ч үүнийг төлөвлөөгүй, хэн ч төлөвлөж чадахгүй гэдэгт байгаа юм. Өнөөгийн хүнсний захууд бол ердийн нэг зүйл мөн. Энэ нь чөлөөт зах зээлийн адил нарийн ээдрээтэй боловч аяндаа үүссэн эмх журмын гайхалтай жишээ болдог зүйл.[11] Аяндаа үүсдэг эмх журам нь өөрөө өөрийгөө мэдэх эрхээс үүдэлтэй. Хүчирхийлэл дээр тулгуурласан хязгаарлалтууд байхгүй байвал хүмүүсийн хооронд сайн дурын эв зохицол бий болж, жам ёсоороо хөгжих боломж бүрдэнэ гэсэн агуулгатай “Laissez Faire” зарчмын тухай домог ч гарсан байна. Тодруулбал, XV Луи хэсэг худалдаачдаас “Би яаж та бүхэнд туслах вэ?” гэж асуухад тэд “Laissez-nous faire, Laissez-nous passer. Le monde va de lui-meme” буюу “Биднийг зөнд нь орхичих, бид юмаа хийе. Дэлхий өөрөө л эргэдэг юм” хэмээн хариулсан байдаг.

          Ийнхүү хүн өөрөө өөрийгөө мэдэж байгаа үед өөрөө ч мэдэлгүй бусадтай хамтран ажиллаж, улмаар улс орны хөгжилд ч томоохон түлхэц үзүүлдэг бөгөөд хамгийн гол нь хүний эрх баталгаатай хангагддаг. [12]

          Дүгнэлт

          Төр чөлөөт нийгэмд чухал үүрэгтэй. Энэ нь бидний эрхийг хамгаалж, хүмүүс өөрсдийнхөөрөө амьдарч, ухаалаг санаа бодлоо хэрэгжүүлж, аллага, доромжлол үйлдэх, хулгай, гадны халдлагаас хамгаалсан нийгмийг бүтээх ёстой байдаг. Төр энэхүү энгийн хязгаарлагдмал үйлдлээ яг таг биелүүлдэг байхад л хангалттай. Энэ нь бусад үед хүн өөрөө өөрийнхөө амьдралыг өөрөө мэдэж, амьдралынхаа чухал үед өөрөө шийдвэр гаргах эрхтэй гэсэн үг. Товчхондоо өөрийн хүч хөдөлмөөр бүтээсэн өмч хөрөнгөө өөртөө зориулах, эсвэл бусадтай хуваалцах нь тухайн хүний хувьдаа шийдвэрлэх асуудал байвал зохино. Ингэж гэмээнэ германы эрдэмтэн Эрнист Бендагийн хэлсэнчлэн хувь хүний амьдрал дээшилж, түүнийгээ дагаад улс орон хөгжиж, хамгийн гол нь хүний эрх баталгаажих болно.

          Ашигласан эх сурвалж:

               1. Финансовое право. Отв. Ред О.Н. Горбуновой Юрист. М., 1996. с 180, С.Батбаатар, Я.Пүрэвээ, Б.Ганхүлэг. Татварын онол, арга зүйн зарим асуудлууд. УБ., 1997.
               2. Теория финансов, подред Н.Е.Заеца. Мн., 1998.
               3. Фисенко. М.К. В кн. Теория финансов.
               4. Денисова.И.Г. В.Финансовое право Отв. Ред О.Н.Горбуновое. Химичева.Н.И Финансовое право Отв ред Н.И Химичевое стр 225-226 Окунева Л.П.В кн. Финансы капиталических государств Под. Ред Б.Г.Болдырева М. Финансы 1980.
          5. С. Баатар “Татварын онол, арга зүйн зарим асуудлууд”
          6. Хувь хүний орлогын албан татварын тухай хууль. УБ., 2006.
          7. Боаз Д. Либертарианизм. (Орч. Б.Батчулуун). УБ., 2005.


[1] Финансовое право. Отв. Ред О.Н. Горбуновой Юрист. М., 1996. с 180, С.Батбаатар, Я.Пүрэвээ, Б.Ганхүлэг. Татварын онол, арга зүйн зарим асуудлууд. УБ., 1997. 6 дахь тал.
[2] Теория финансов, подред Н.Е.Заеца. Мн., 1998. с. 291.
[3] Татварын хувь хэмжээ гэдэг нь УИХ-аас татвар төлөгчийн тодорхой төрлийн орлогод ноогдуулахаар тогтоосон татварын дээд, доод хязгаар юм.
[4] Зарчим гэдэг нь татварын эрх зүйн үндсийг тогтоон хэрэгжүүлэх явцад төр, түүний байгууллага болон татвар төлөгчдөөс баримтлах үйл ажиллагааны үндсэн чиглэл юм.
[5] Фисенко. М.К. В кн. Теория финансов. с. 299-300
[6] Денисова.И.Г. В.Финансовое право Отв. Ред О.Н.Горбуновое с. 181-182. Химичева.Н.И Финансовое право Отв ред Н.И Химичевое стр 225-226 Окунева Л.П.В кн. Финансы капиталических государств Под. Ред Б.Г.Болдырева М. Финансы 1980. с. 59-62
[7] С. Баатар “Татварын онол, арга зүйн зарим асуудлууд” 10 дахь тал.
[8] Нийслэлийн хотын татварыг одоогоор хуульчлан тогтоогоогүй байна.
[9] Хувь хүний орлогын албан татварын тухай хууль. УБ., 2006.
[10] Фредерик Бастиа “Хууль” бүтээлдээ төсөөтэй санааг дэвшүүлсэн байдаг.
[11] Боаз Д. Либертарианизм. (Орч. Б.Батчулуун). УБ., 2005. 189 дэх тал.
[12] Ernist Benda. Human dignity


Comments

2019-01-03 -

Бичсэн: Зочин

Huwi hvnii orlogiin alban tatwariig geree hiigegvi tsagiin ajilchidaas tsalingiin 10%n awah ystoi ym bolowu geree ch hiigegv baij tsalingaas 10%n awchihaad tsaas n ulsad tushaaj bga esehiig n yaj medeh we?

. Шууд холбоос


2011-05-13 -

Бичсэн: Зочин

ууртай ууртай ууртай ууртай

. Шууд холбоос


2011-05-11 - Bodit baidlaas dugnej biche

Бичсэн: Uudrug

khumuus dandaa l ene ter ornii imm tiim nomnoos unshasan zuilee evteaikhen nairuujlaad bichikh bichikh um.Ene n uuruu khunii amidraliin khev maygiig neg khelberees gargakhui baikh undsen tushaa um. Khun er n yagaad yg odoogiin amidarch bui orchnii bodit baidal deerees dugnelt khiij uy bolokhgui baigaa uy n bolj baigaa esekh deer uzel bodloo bichij bolokhgui gej

. Шууд холбоос


2010-10-04 -

Бичсэн: Зочин

инээх

. Шууд холбоос


2009-12-17 -

Бичсэн: Зочин

алга ташилт

. Шууд холбоос


2009-09-27 -

Бичсэн: Мэргэн

tnx

. Шууд холбоос


2009-09-22 -

Бичсэн: Зочин

улайх баяртай байна гоё шүү

. Шууд холбоос


2009-05-06 -

Бичсэн: Зочин

surprise surprise дажгүй

. Шууд холбоос



Бичлэг: 21 » Нийт: 41
Өмнөх | Дараагийн


Me, myself & I

Холбоосууд

. Нүүр хуудас
. Архив
. Танилцуулга
. Хуулийн сан
. Жиргээ
. Инстаграм
. Спортын цонх форум
. НБА
. Манчестер Юнайтед
. Фантази НБА
. Баабар

Сүүлийн бичлэгүүд

. ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦЭД МЭДЭЭЛЭЛ ГАРГАХ ТУХАЙ
. АВЛИГА БА ЭКС ЕРӨНХИЙЛӨГЧИД
. АЛДСАН УТСАА ОЛОХ НЬ
. БААРАГГҮЙ БАЯЖААРАЙ, ТОДОРХОЙ ТОМРООРОЙ
. БИ АНГЛИ, ОРОС, ПАШТУ, ФАРСИ, БАНГЛА, МАЯА, ФОН ХЭЛТЭЙ
. БОЛОВСРУУЛААГҮЙ БОДЛЫН ЦУГЛУУЛГА
. МАШИНД МӨРГҮҮЛВЭЛ ДОХ ТУСНА ШҮҮ
. МОНГОЛ ХҮН МОНГОЛ ҮГЭЭ МЭДДЭГГҮЙ БОЛЖ ДЭЭ
. СОНГОЛТ ТАНЬ МЭРГЭН БАЙГ
. ТЭР ХҮСЭЭГҮЙ
. ҮГНИЙ ЦААНА ҮГ БИЙ
. ХАЙРЫН ТӨӨРӨГ
. ХҮЛЦЭНГҮЙ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРСӨӨР БАЙХ УУ?!
. ШАРТАЛТ
. ЭРҮҮГИЙН ЖИШЭЭ БОДЛОГЫН ҮРГЭЛЖЛЭЛ
. ЭРҮҮГИЙН ЭРХ ЗҮЙН БОДЛОГО БОДОХ АРГАЧЛАЛ, ЖИШЭЭ БОДЛОГО
. ХУУЛЬ ЗҮЙН ШИНЖЛЭХ УХААНЫ СУДАЛГААНЫ ҮНДСЭН АРГА ЗҮЙ
. ХӨДӨЛМӨРИЙН ГЭРЭЭ
. МАКЕДОНИЙН ШҮҮГЧИЙН ЁС ЗҮЙН ДҮРЭМ
. БИ ЧАМД ХАЙРТАЙ

Найзууд

Блогт байрлуулсан бичлэгүүдээс бүтнээр болон хэсэгчлэн хуулах гэж байгаа бол ишлэл авна уу!

© Мэргэн




:-)
 
xaax