Мэргэн
2009-01-04
ӨРСӨЛДӨӨНД СААД УЧРУУЛАХ ГЭРЭЭ ХЭЛЦЭЛ

Ангилал: Хэн нэгэнд хэрэг болж магад

          Оюутнуудын тухайн хичээл дээр цуглуулах онооны багагүй хэсэг нь бие даалтаас бүрддэг. Уул нь бие даалт гэдэг багахан хэмжээний судалгааны ажил байх ёстой. Харамсалтай нь  ихэнхи оюутнууд бие даалтад төдийлөн ач холбогдол өгөлгүй хэдэн ном цуглуулж, copy-paste аргачлалыг ашиглан болсон болоогүй хэдэн өгүүлбэр холбоод өгчихдөг нь нууц биш. Энэ нь ганц ч гэсэн зүйл сурч авахыг бус хэдэн оноо цуглуулахыг л зорилгоо болгосон, өөрийгөө хуурсан явцгүй сэтгэлгээ боловч үнэндээ би ч тийм л оюутнуудын нэг байсаар ирсэн.
         Энэ удаад оюутан болсоноосоо хойш хамгийн их сэтгэл, цаг зав гаргаж бичсэн, дээр өгүүлсэнчлэн багахан хэмжээний судалгааны ажил гэж болохоор нэгэн бие даалтаа орууллаа. Унгарын зах
зээлийг хязгаарлах болон шударга бус өрсөлдөөнийг хориглох тухай хуультай харьцуулсан судалгаа хийсэн энэхүү бие даалт нь энэ чиглэлээр судалгаа хийж буй нэг ч гэсэн оюутанд хэрэг болох юун магад.

ӨРСӨЛДӨӨНД СААД УЧРУУЛАХ ГЭРЭЭ ХЭЛЦЭЛ(Монгол улсын ШБӨХТХ-д тусгагдсан байдал)
          Агуулга
               1. Оршил
               2. Өрсөлдөөн, түүний ач холбогдол
               3. Өрсөлдөөний хуулийн зорилго
               4. Өрсөлдөөнд саад учруулах гэрээ хэлцэл
                        - хэвтээ хэлцэл
                        - босоо хэлцэл
                        - мэдээлэл солилцооны хэлцэл
               5. Дүгнэлт


          НЭГ. Оршил

          Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засаг өөрийн амьдрах чадваргүйгээсээ “жам ёсны” чанараар илүү зах зээлийн тогтолцоонд байраа тавьж өгсөн өнөө үед улс орнууд зах зээлийн тухай, түүний мөн чанар, сөрөг ба эерэг тал, төрийн оролцоо, зохицуулалтыг судлах, үүний үндсэн дээр бодлогоо зөв тодорхойлох[1], ингэхдээ зах зээлийн гол цөм болсон өрсөлдөөний тухай ойлголтыг улам нарийвчлан судлах шаардлагатай тулгарсаар байна. Учир нь аливаа улсын эдийн засаг, нийгмийн хөгжил нь өрсөлдөөнийг эрх зүйн үүднээс хэрхэн зөв зохицуулснаас шалтгаалдаг. Тухайлбал, БНСУ 1981 онд “Шударга худалдааны хууль”-ийг батласнаас хойш эдийн засаг нь жилд дунджаар 8 хувиар өсч байна.

            Өрсөлдөөний эрх зүйн үүсэл хөгжлийн тухайд гэвэл Америкийн эдийн засагт 19 дүгээр зууны эцэст хүчтэй, шинэ аж ахуйн нэгжийн хэлбэр болох “трест”-үүд гарч ирж, өөрсдийн давамгай байдлаа ашиглан эдийн засгийн гол, чухал салбаруудад ноёрхолоо тогтоож, хэрэглэгчдийн эрх ашигт харш үйл ажиллагаа явуулж эхэлсэн нь төрийн зүгээс зах зээлийн өрсөлдөөнийг хянан зохицуулах, монопольт үйл ажиллагааг хязгаарлах бодлого явуулахад хүргэснээр[2] шударга бус өрсөлдөөнийг хориглох тухай анхны цэгцтэй ойлголтууд бий болсон. Үүний дараагаар улс орнууд өрсөлдөөнийг зохицуулах өөр өөрсдийн эрх зүйн орчинг бүрдүүлж эхэлсэн[3] бөгөөд тухайлбал, ХБНГУ 1894 онд шударга бус өрсөлдөөнийг хориглох тухай хуулиа баталжээ. Монгол улсын хувьд 1993 онд Шударга бус өрсөлдөөнийг хориглох тухай хууль /ШБӨХТХ/ баталж, 2000 онд шинэчлэн найруулсан. Уг хуулиар:

          - аж ахуйн үйл ажиллагаа эрхэлж байгаа этгээд зах зээлд өрсөлдөх нөхцөлийг бүрдүүлж;
          - өрсөлдөөнд харш аливаа үйл ажиллагааг хориглож хязгаарлан;
          - урьдчилан сэргийлэх эрх зүйн болон зохион байгуулалтын үндсийг тавьж өгсөн.

          Миний хувьд дээрх Монгол Улсын ШБӨХТХ-д өрсөлдөөнд саад учруулах гэрээ хэлцлийг хориглох тухай хэрхэн зохицуулсныг авч үзэхийг зорьсон бөгөөд үүний тулд юуны өмнө өрсөлдөөн, түүний ач холбогдол, өрсөлдөөний хуулийн зорилгын тухай товчхон авч үзье.

          ХОЁР. Өрсөлдөөн, түүний ач холбогдол

          Эдийн засагчид өрсөлдөөн бүхий зах зээлийг монопольтой харьцуулан өрсөлдөөний үед илүү хямд үнэ, чанартай бүтээгдэхүүн, өргөн сонголт, өндөр үр бүтээл гэсэн давуу байдал бий болж улмаар хэрэглэгчийн эрх ашиг маш сайн хамгаалагдаж чаддаг гэж үздэг.[4] Үүнийг тодруулан авч үзвэл:

          1. Шударга, чөлөөт өрсөлдөөн бүрэлдэн тогтсоноор компаниудын өрсөлдөх чадвар сайжирдаг. Дотоодод өрсөлдөөн сайн байснаар компаниудын өрсөлдөх чадвар дээшилж, дэлхийн хэмжээнд өрсөлддөг. БНСУ-ын LG болон Samsung хоёр компани гэр ахуйн бараа үйлдвэрлэлээр эх орондоо маш хүчтэй өрсөлддөг байсны үр дүнд эдгээр компаниудын гол гол бараа бүтээгдэхүүн өнөөдөр дэлхийн хэмжээнд өрсөлдөж байна.

          2. Эдийн засгийн онолын үүднээс эдийн засгийн нөөц нь төгс өрсөлдөөний үед бараа үйлчилгээ болон тэнцвэртэй хуваарилагддаг гэж үздэг.[5] Ингэснээр барааны үнэ буурч, чанар сайжирдаг учраас хэрэглэгчдэд таатай нөлөө үзүүлнэ. Жишээ нь, Австрали улс 2000 оноос өрсөлдөөний хуулийг эдийн засгийн үндсэн хууль болгон хэрэгжүүлснээр 2006 онд айл өрх бүрт ногдох орлого 7000 австрали долларт хүрсэн байна.

          3. Шударга, чөлөөт өрсөлдөөний орчин бүрэлдэн тогтсоноор эдийн засгийн тогтвортой өсөлтөд сайн нөлөө үзүүлдэг. Францын нийслэл Парис хотно байрладаг Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагаас гаргасан судалгаагаар өрсөлдөөнийг хэрэгжүүлээгүй оронтой харьцуулахад түүнийг хэрэгжүүлсэн орны нэг хүнд ногдох орлогын өсөлт 1-2 хувиар дээгүүр байдаг гэсэн судалгааны дүн гарчээ. Тухайлбал, БНСУ 1981 онд “Шударга худалдааны хууль”-ийг батласан бөгөөд түүнээс өмнө эдийн засаг нь бууралттай байсан бол хуулийг хэрэгжүүлснээс хойшхи 10 жилд эдийн засаг нь жилд дунджаар 8 орчим хувийн өсөлттэй болсон байна.[6]

          Дээр дурьдсан эерэг нөхцөл байдлууд нь мэдээж шударга, чөлөөт өрсөлдөөний үед бий болох бөгөөд харин монополь болоод шударга бус өрсөлдөөний бусад үед дээрх гурван үзүүлэлт эсрэгээр эргэж, үйлдвэрлэгч нь үнийг тодорхойлж, нэмэх ингэснээрээ хэрэглэгчдэд таагүй нөхцлийг бий болгож улмаар улс орны эдийн засгийн өсөлтөд сөргөөр нөлөөлдөг.

          ГУРАВ. Өрсөлдөөний хуулийн зорилго

          Улс орнуудын өрсөлдөөний эрх зүйн зохицуулалт нь тухайн улсын эдийн засаг, улс төрийн онцлог, орон зай, цаг хугацааны байдал зэрэг олон хүчин зүйлээс хамааран харилцан адилгүй байдаг. Хэдий тийм боловч ихэнхи улсын өрсөлдөөний тухай хууль дараах нийтлэг зорилгыг хангахад чиглэгддэг. Үүнд:[7]

          1. Хэрэглэгчийн эрхийг хамгаалах

          Ингэхдээ өрсөлдөөнд өөрт нь нөлөөлөх бус үнийг тогтоогч компаниудыг үнээ буулгахыг шаардсанаар хэрэглэгчийн эрхийг хамгаалдаг. Өрсөлдөөний тухай хууль нь шууд болоод шууд бус аргаар хэрэглэгчийг хамгаалах зорилготой байдаг.[8]

          2. Эрх мэдлийн төвлөрөлийг сааруулах

          Энэ нь нэг гарт хэт их эдийн засгийн эрх мэдлийг төвлөрөхөөс сэргийлж, эдийн засгийн нөөцийг аль болох тэгш хуваарилах үүрэг юм. АНУ-ын Ерөнхийлөгч Т.Рузвельт “ардчилсан төрөөс илүү хүчтэй хувийн эрх мэдэл нь ардчилаллын заналхийлэл юм” гэж Конгресст хэлж байв. АНУ-ын Өрсөлдөөний хуулиар тэр үедээ дэлхийн хамгийн том корпораци байсан AT&T хэмээх компаний хүчийг “сулруулсан” түүхтэй. Мөн Майкрософт компаний эсрэг гарсан АНУ-ын шүүхийн шийдвэрийг энд дурьдаж болох юм.

          3. Өрсөлдөгч нарыг хамгаалах

          Өрсөлдөөний хууль нь зах зээлд оролцогч өрсөлдөгч бүрт боломжийг нь олгох, эдийн засгийн тэгш эрхийг хангах зорилготой байдаг.[9]

          4. Нэгдэх гэрээ хэлцлийг хязгаарлах

          Үүнийг тодруулан авч үзье.

          ДӨРӨВ. Өрсөлдөөнд саад учруулах гэрээ хэлцэл

          Нэгдэх гэрээ хэлцлийг хязгаарлах нь хууль эрх зүйн үүднээс өрсөлдөөний зохицуулалтын гол хэсэг буюу гэрээ хэлцлийн тухай асуудал юм. Зах зээлд оролцогчид өрсөлдөөнөөс өөрсдийгөө хамгаалахын тулд хоорондоо өрсөлдөөнд саад учруулахуйц төрөл бүрийн гэрээ хэлцэл, тохиролцоо хийдэг бөгөөд тэдгээрийг:

          - хэвтээ буюу нэг салбарын;
          - босоо буюу өөр салбарын үйлдвэрлэгч, худалдагч, компаниуд хоорондоо эвсэх
          - мэдээлэл солилцооны хэлцэл гэж гурав ангилдаг.

          Дээрх хэлцлийн төрлүүдэд ямар хэлцлүүд багтдаг, тэдгээрийг хориглох тухай Монгол Улсын ШБӨХТХ-д хэрхэн зохицуулсныг авч үзье

          Хэвтээ хэлцэл

          Хэвтээ хэлцлийн хамгийн тархсан хэлбэр бол үнийг тогтоох хэлцэл (Price fixing agreements) юм. Эл тохиолдолд жишээ нь нийлүүлэгч компани, худалдагч нар нэг төрлийн бүтээгдэхүүнийг нэг үнээр худалдахыг хоорондоо тохиролцоно.

          ШБӨХТХ§ 7.1.1. Хамтдаа давамгай байдалтай өрсөлдөгч аж ахуйн нэгжүүд өрсөлдөөнийг хязгаарлах зорилгоор бараа бүтээгдэхүүний үнийг харилцан тохиролцох, эсхүл үйлдвэрлэл, үйлчилгээг хязгаарлах шийдвэр, хэлцэл, тохиролцоо байгуулахыг хориглоно

          Зах зээлийг хуваарилах хэлцэл (Market sharing agreements) нь мөн хэвтээ хэлцэлд орно. Үүнд нийлүүлэгч нар зах зээлийг хувааж, тодорхой хэсэг, орон зайд үйл ажиллагаагаа явуулахаар тохирохыг хэлдэг.

          ШБӨХТХ §7.1.2. Хамтдаа давамгай байдалтай өрсөлдөгч аж ахуйн нэгжүүд өрсөлдөөнийг хязгаарлах зорилгоор зах зээлийг нутаг дэвсгэр, үйлдвэрлэл, үйлчилгээ, борлуулалт, барааны нэр, төрөл, хэрэглэгчээр хуваарилах шийдвэр, хэлцэл, тохиролцоо байгуулахыг хориглоно.

          Үүнээс гадна нийлүүлэгч нар зөвхөн тодорхой хэмжээгээр үйлдвэрлэхээр тохирох (Quota agreements), бусад нийлүүлэгч нартай эвлэлдэхгүй байх (The concerted refusal to deal), зэрэг хэлцлүүд хийдэг.

          ШБӨХТХ §6.1.4. Давамгай байдалтай аж ахуйн нэгж дангаараа үйл ажиллагаа эрхэлж байгаа бусад этгээдийг зах зээлээс шахан зайлуулах зорилгоор тэдгээртэй аж ахуйн харилцаа тогтоохоос үндэслэлгүйгээр татгалзах, тэдгээрт үндэслэлгүй шалгуур үзүүлэлт тогтоохыг хориглоно.

          ШБӨХТХ §7.1.4. Давамгай байдалтай өрсөлдөгч аж ахуйн нэгжүүд өрсөлдөөнийг хязгаарлах зорилгоор уралдаан буюу дуудлага худалдаанд үнийг урьдчилан тохиролцож оролцох, бусад өрсөлдөгчөө дээрх үйл ажиллагааны бодит нөхцөлөөс төөрөгдүүлэх, тэдэнд дарамт, шахалт үзүүлэх шийдвэр, хэлцэл, тохиролцоо байгуулахыг хориглоно.

          ШБӨХТХ §7.1.5. Давамгай байдалтай өрсөлдөгч аж ахуйн нэгжүүд өрсөлдөөнийг хязгаарлах зорилгоор аж ахуйг ашигтай эрхлэх зорилгоор аль нэг байгууллагад гишүүнээр элсэхэд нь өрсөлдөгчид саад учруулах шийдвэр, хэлцэл, тохиролцоо байгуулахыг хориглоно.

          Хэвтээ хэлцэл нь өрсөлдөөнийг шууд хязгаарладаг гэж үздэг бөгөөд үүнийг АНУ-д анхнаас нь хууль бус буюу Per se illegal[10] гэж үздэг. Уг үзэл баримтлал АНУ-ын өрсөлдөөний эрх зүйн нэг гол суурь зарчим юм. Өөрөөр хэлбэл тус улсад зарим нэг хэлцлийг эргэлзээ байхгүй шууд хууль бус гэж үздэг бөгөөд уг хэлцлийг үйлдэхийг эрүүгийн хэрэгт тооцдог.[11]

          Босоо хэлцэл

          Босоо хэлцлийн төрөлд болзолтой хэлцэл (The „tying“ agreements) буюу худалдагч хэрэглэгчийг аль нэг бараагаа өөр нэг барааг авсан тохиолдолд л зарна гэж тохиролцох хэлцэл хамаарна. Энэ нь нэг барааны худалдааг өөр бараатай нөхцөлдүүлж байна гэсэн үг юм.

          ШБӨХТХ §6.1.2. Давамгай байдалтай аж ахуйн нэгж дангаараа зах зээлд давамгай байдлаа ашиглаж хэрэглэгчдээс борлуулалтын нэмэлт нөхцөлийг шаардах, бараа бүтээгдэхүүнийг ялгавартай үнээр борлуулаыг хориглоно.

          ШБӨХТХ §6.1.2. Давамгай байдалтай аж ахуйн нэгж дангаараа бараа бүтээгдэхүүн борлуулахдаа иж бүрдэлд ороогүй бараа дагалдуулахыг хориглоно.

          Тусгай хэлцэл (The exclusive dealing agreements) буюу нийлүүлэгч зөвхөн тухайн худалдан авагчтай худалдаа хийнэ гэж тохирох хэлцэл гэж байдаг.

          ШБӨХТХ §6.1.7. Давамгай байдалтай аж ахуйн нэгж дангаараа өөрийн бараа бүтээгдэхүүнийг борлуулахдаа өрсөлдөгчийн бараа бүтээгдэхүүнийг худалдан авахуулахгүй байх болзол тулгахыг хориглоно.

          ШБӨХТХ §6.1.8. Давамгай байдалтай аж ахуйн нэгж дангаараа тухайн бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэл, борлуулалтыг бууруулахад хүргэж болох бага үнээр уг бараа бүтээгдэхүүнийг өөртөө худалдахыг бусдаас шаардахыг хориглоно.

          Нийлүүлэгч цааш нь борлуулах худалдагчид барааны зарах үнийг тулгах, тогтоох хэлцэл буюу борлуулалтын үнийг тохиролцох хэлцэл (The resale price maintenance agreements) нь мөн босоо хэлцлийн төрөлд хамаардаг.

          ШБӨХТХ §6.1.6. Давамгай байдалтай аж ахуйн нэгж дангаараа. хэрэглэгчид тухайн барааг дахин борлуулах үнэ, нутаг дэвсгэрийг тогтоож өгөхыг хориглоно.

          Их Британид борлуулалтын үнийг тохиролцох хэлцлээс бусад босоо хэлцлийг хууль бус гэж төдийлөн үздэггүй.

          Мэдээлэл солилцооны хэлцэл

          Энэ нь мэдээллийг ашиглан өрсөлдөгч нар хоорондоо, эсвэл хэрэглэгч нартай эвсэн өрсөлдөөнийг хязгаарлах хэлцлийг хэлнэ. Жишээ нь нийлүүлэгч нар үйлдвэрлэлийн зардал, үнэ зэргийн тухай бие биедээ мэдээлэх, аль нэг хэрэглэгчийн төлбөрийн чадваргүй байдлын тухай бие биендээ мэдээлэн эвсэх гэх мэт.

          ШБӨХТХ §10.1.1. Аж ахуйн үйл ажиллагаа эрхэлж байгаа этгээд өрсөлдөгчийн болон түүний бараа бүтээгдэхүүний нэр хүндийг гутаах, эсхүл өрсөлдөгчөө алдагдалд оруулж болохуйц худал, зөрүүтэй буюу гуйвуулсан мэдээ тарааж өрсөлдөөнд харш үйл ажиллагаа явуулахыг хориглоно.

          ШБӨХТХ §10.1.1. Аж ахуйн үйл ажиллагаа эрхэлж байгаа этгээдөөрийн болон өрсөлдөгчийн үйлдвэрийн газар, түүний байршил, түүнчлэн бараа үйлдвэрлэсэн арга, хэрэглээний шинж чанарын гол үзүүлэлт, хэрэглэх аргын талаар худал, зөрүүтэй мэдээлэх, эсхүл үнэн байдлыг гуйвуулах зэргээр бусдыг төөрөгдүүлэн өрсөлдөөнд харш үйл ажиллагаа явуулахыг хориглоно.

          Мэдээлэл солилцооны хэлцэл нь нэлээн маргаантай байдаг бөгөөд барууны орнуудад урт хугацаанд огт зохицуулалтгүй ирсэн. Мөн гол төлөв бараа бүтээгдэхүүний нийлүүлэгч нарт хамруулж байснаас биш үйлчилгээний салбарыг бол орхиж байжээ. Нэг талаас аливаа бизнеийг мэдээлэлгүй хийх аргагүй, нөгөө талас үүнийг хяналтгүй орхивол өрсөлдөөн их хязгаарлагдана гэж үздэг. Гол нь мэдээллийг өрсөлдөөнийг илт хязгаарлах байдлаар ашиглах явдлыг бусад тохиолдлоос ялгаж үзэх нь чухал юм.[12]

          ТАВ. Дүгнэлт

          Манай улсын хувьд шинэчлэн баталсан ШБӨХТХ-аараа өрсөлдөөнд саад учруулах гэрээ хэлцлүүдийг хориглох хууль зүйн боломжийг бүрдүүлэхэд анхаарсан нь өмнөх хуулиас дэвшилттэй боловч Польш, ОХУ, БНУУ[13], Чех зэрэг орнуудын нэгэн адил АНУ, Их Британий хуулиудад тусгайлан заасан шиг хэлцлийн төрөл гэж байхгүй байна. Өрсөлдөөний эрх зүйн олон жилийн түүхтэй, тэр чинээгээрээ эрх зүйн шинжлэх ухаан өндөр хөгжсөн АНУ, Их Британи зэрэг улсуудын өрсөлдөөний хуулиудад шударга, чөлөөт өрсөлдөөнд саад учруулах гэрээ хэлцлүүдийг дээр дурьдсанчлан хэвтээ, босоо, мэдээлэл солилцооны гэж гурван төрөлд ангилсан нь асуудалд систем бүхий цэгцтэй, тодорхой хандах тэгснээрээ өрсөлдөөнийг улс орондоо ашигтайгаар зөв зохистой явуулах, улмаар улс орны эдийн засаг, нийгмийг хөгжүүлэхэд ихээхэн ач холбогдолтой юм. Тиймээс манай улс хуулиндаа хэлцлүүдийг төрөлжүүлэх шаардлагатай гэж үзэж байна.

          Ашигласан эх сурвалж

               1. Алтангэрэл Т. Өрсөлдөөний эрх зүйн онолын үндэслэл.
www.asuult.net;
               2. Шударга бус өрсөлдөөнийг хянан зохицуулах газар 2005-2007 /тайлан, судалгаа, хяналт шалгалт/ УБ.,                     2007;
               3. Asch, Industrial Organisation and Antitrust Policy, Wiley, 1983;
               4. Lypsey and Chrystal, Principles of Economics, Oxford University Press, 1999;
               5. Northern Pacific Railway v. United States, 1958, 356 US 1 (US Supreme Court);
               6. Жаргалсайхан Б. Монгол улсын зах зээлийн өрсөлдөөний өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага.                     “Өрсөлдөөн ба хөгжил” хэлэлцүүлэг. УБ., 2007;
               7. Монгол Улсын Шударга бус өрсөлдөөнийг хориглох тухай хууль.
www.legalinfo.mn УБ., 2000;
               8. БНУУ-ын Зах зээлийг хязгаарлах болон шударга бус өрсөлдөөнийг хориглох тухай хууль. 1996.



[1] Алтангэрэл Т. Өрсөлдөөний эрх зүйн онолын үндэслэл.
www.asuult.net.
[2] Шударга бус өрсөлдөөнийг хянан зохицуулах газар 2005-2007 /тайлан, судалгаа, хяналт шалгалт/ УБ., 2007. 4 дэх тал.
[3] АНУ-д Antitrust law (Sherman Act, 1890, Clayton Act, 1914, Federal Trade Commission Act, 1914); Их Британид Restrictive Trade Practice 1976, Fair Trading Act, 1973, Resale Price Act, 1978 Competition Act 1980; ХБНГУ-д Gesetz gegen der Wettbewerbsbeschraenkungen, Kartellrecht; БНСУ-д Monopoly Regulation and Fair Trade Act, 1981; Японд Prohibition of Monopoly and Maintenance of Fair Trade Act, 1947; Монгол улсад Шударга бус өрсөлдөөнийг хориглох тухай, мөн үүнд Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийг хамруулж болох юм.
[4] Asch, Industrial Organisation and Antitrust Policy, Wiley, 1983, ch 1; Lypsey and Chrystal, Principles of Economics, Oxford University Press, 1999, ch 9
[5] Lypsey and Chrystal, Principles of Economics, Oxford University Press, 1999, p 139
[6] Жаргалсайхан Б. Монгол улсын зах зээлийн өрсөлдөөний өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага. “Өрсөлдөөн ба хөгжил” хэлэлцүүлэг. УБ., 2007. 8-9 дэх тал.
[7] Алтангэрэл Т. Өрсөлдөөний эрх зүйн онолын үндэслэл.
www.asuult.net.
[8] Монгол Улсын Шударга бус өрсөлдөөнийг хориглох тухай хууль §6.1.7, §6.1.9.
www.legalinfo.mn УБ., 2000.
[9] Мөн тэнд. 9, 10 дугаар зүйл.
[10] Northern Pacific Railway v. United States, 1958, 356 US 1 (US Supreme Court)
[11] Алтангэрэл Т. Өрсөлдөөний эрх зүйн онолын үндэслэл.
www.asuult.net.
[12] Алтангэрэл Т. Өрсөлдөөний эрх зүйн онолын үндэслэл.
www.asuult.net.
[13] БНУУ-ын Зах зээлийг хязгаарлах болон шударга бус өрсөлдөөнийг хориглох тухай хууль. 1996. §11 дүгээр зүйл. Дараах гэрээг хориглоно: а/ худалдан авах, худалдахаар тогтоосон шууд ба шууд бус үнэ, эсвэл бусад бизнесийн нэр томъёо нөхцөл байдал нь хуульд нийцээгүй; б/ бүтээгдэхүүн, нийлүүлэлт, техникийн хөгжил болон хөрөнгө оруулалтын хязгаарлалт, хяналтыг бий болгосон; в/ хяналтын нөөцийг байршуулах буюу худалдан авч байгаа бараа бүтээгдэхүүнд хэрэглэгчдийн тусгай бүлэглэл, хуваарилалт, хязгаарлалт тогтоох; г/ зах зээлийн байршил, хямдралын байдал, зах зээлийн боломж нөхцөл, чөлөөт байдлыг сонгон хязгаарлалт хийх; д/ тухайн үйл явцтай холбоотой өрсөлдөгчдийн хоорондын хуйвалдааныг тусгах.


Comments

2014-07-27 -

Бичсэн: Зочин

Маш их баярлалаа. Яг хайж байсан мэдээлэл байна одоо бол дөртэй болсон учир цааш явахад асуудалгүй боллоо. Баярлалаа бас амжилт хүсье. Үргэлж мэдээллээ хуваалцаж байгаарай.

. Шууд холбоос


2011-03-01 - хүн

Бичсэн: Зочин

их зөв асуудлыг зөв зүйлтэй талаас нь хөндсөн байна баярлалаа сак болжээ.

. Шууд холбоос


2009-12-24 -

Бичсэн: Зочин

rolling eyes

. Шууд холбоос


2009-11-25 -

Бичсэн: Зочин

Малаа чи ийм бие даалт амьдралдаа хийж үзээгүй гар байгаа даа. Байгаа бол гаргаж ирээд блог дээрээ тавьчих эргүү мал чинь

. Шууд холбоос


2009-11-21 -

Бичсэн: Зочин

миа

. Шууд холбоос


2009-05-12 -

Бичсэн: Зочин

гадаад улсуудын жишээг гаргаж бичсэн их сайн болсон ч монголын хуулинд анализ хийх байж дээ.манайхан хууль болохгүй байна гэдэг мөртлөө яг юу нь болохгүй байгааг хэлдэггүй буюу тэр зохицуулалт нь хуулиндаа байсаар байтал тэрийгээ хэрэгжүүлж чаддаггүй юм.Хэрвээ энэ бага хэмжээний судалгаандаа монгол улсын ШБӨХТХ-нд анализ хийж давуу ба сул талуудыг нь гаргаад ирсэн бол бүр сайн бүтээл болох байжээ.

. Шууд холбоос



Бичлэг: 27 » Нийт: 41
Өмнөх | Дараагийн


Me, myself & I

Холбоосууд

. Нүүр хуудас
. Архив
. Танилцуулга
. Хуулийн сан
. Жиргээ
. Инстаграм
. Спортын цонх форум
. НБА
. Манчестер Юнайтед
. Фантази НБА
. Баабар

Сүүлийн бичлэгүүд

. ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦЭД МЭДЭЭЛЭЛ ГАРГАХ ТУХАЙ
. АВЛИГА БА ЭКС ЕРӨНХИЙЛӨГЧИД
. АЛДСАН УТСАА ОЛОХ НЬ
. БААРАГГҮЙ БАЯЖААРАЙ, ТОДОРХОЙ ТОМРООРОЙ
. БИ АНГЛИ, ОРОС, ПАШТУ, ФАРСИ, БАНГЛА, МАЯА, ФОН ХЭЛТЭЙ
. БОЛОВСРУУЛААГҮЙ БОДЛЫН ЦУГЛУУЛГА
. МАШИНД МӨРГҮҮЛВЭЛ ДОХ ТУСНА ШҮҮ
. МОНГОЛ ХҮН МОНГОЛ ҮГЭЭ МЭДДЭГГҮЙ БОЛЖ ДЭЭ
. СОНГОЛТ ТАНЬ МЭРГЭН БАЙГ
. ТЭР ХҮСЭЭГҮЙ
. ҮГНИЙ ЦААНА ҮГ БИЙ
. ХАЙРЫН ТӨӨРӨГ
. ХҮЛЦЭНГҮЙ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРСӨӨР БАЙХ УУ?!
. ШАРТАЛТ
. ЭРҮҮГИЙН ЖИШЭЭ БОДЛОГЫН ҮРГЭЛЖЛЭЛ
. ЭРҮҮГИЙН ЭРХ ЗҮЙН БОДЛОГО БОДОХ АРГАЧЛАЛ, ЖИШЭЭ БОДЛОГО
. ХУУЛЬ ЗҮЙН ШИНЖЛЭХ УХААНЫ СУДАЛГААНЫ ҮНДСЭН АРГА ЗҮЙ
. ХӨДӨЛМӨРИЙН ГЭРЭЭ
. МАКЕДОНИЙН ШҮҮГЧИЙН ЁС ЗҮЙН ДҮРЭМ
. БИ ЧАМД ХАЙРТАЙ

Найзууд

Блогт байрлуулсан бичлэгүүдээс бүтнээр болон хэсэгчлэн хуулах гэж байгаа бол ишлэл авна уу!

© Мэргэн




:-)
 
xaax